Pages - Menu

Friday, December 23, 2011

Алдарт Дууч, Хуурч Майдарын Дашринцэн

Майдарын Дашринцэн нь Хуучин Цэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уулын өвөрт 1880 он Цагаан луу жил ядуу ард Майдарын ууган хүү болон төржээ. Дашринцэн дуучийн тухай түүний төрсөн дүү Майдарын Жунай 1968 оны намар хуучлахдаа ах бид 2 Хүрээгийн уулын өвөр төрсөн гэнэлээ. Би бага зэрэг дуулж нэлээд барилддаг байлаа. 26 настайдаа ахтайгаа хамт сүүлийн даншигт очиж ах маань түрүүлж байсан. Манай ах гойд сайхан эр байсан.
Дуулах, хөгжимдөх сур, шагай харвах үг цэгцлэх, үйл мэтгэх зэрэг бүх юмыг чаддаг хурц ойтой хүн байсан. Миний ахын үеийн дуучин Лувсангомпил байгаа юм. Энэ 2 хамтдаа Шүхэрт засгын Хазгар Амбаа гэгч дуучнаар маш олон дуу заалгасан гэж ярьж байсан. Дашринцэн үнэхээр сайн дууч, хуурч хуучин цагийн аварга цолтой бөх эрхий мэргэн харваач хүн байжээ.
Дашринцэн 7 наснаасаа эхлэн сур шагайн уухай хийж, хурдан морины гийнгоо аялж цээл сайхан хоолойгоороо тодорч байжээ. Ер нь энэ нутагт дууч хуурч олонтой тул эвтэйхэн хоолойтой хүн бүрийг дуунд сургах чармайлт тавьдаг байжээ. Мөрринцэн буюу Дашринцэн гэгч хүн бол Халх даяар алдартай уртын дууч төдийгүй алдартай аварга мөн бөгөөд түүний алдраа мандуулсан он нь 1904 оноос 1919 он юм. Тэрээр 1908,1912,1914 онуудад даншигт 3 удаа түрүүлжээ.
Дашринцэн зөвхөн тэнхээлэг хоолойтой дуучин байгаагүй чухамдаа уртын дууны онцлог, дууны утга, дуу бүрийн өвөрмөц ялгааг сайн мэдэж дуулах арга техникийг дуучны хоолой намбад яаж зохицуулах талаар сайн мэддэг байжээ.
Дашринцэн хувьсгал мандах үеэр хүрээнд суурьшин сүүлдээ гол төлөв дуу хуураар мэрэгшиж байлаа. Манай шинэ урлагийг үндэслэгчийн нэг Магсар Хурцын Дугаржав нь энэ хүний шавь юм. Дугаржав нь бага наснаасаа Дашринцэнгээр дуу заалган бас хуур дээр багшлуулж байжээ. Дугаржав нь дотны шавь Дорждагвад багшийнхаа тухай ярихдаа: Би Дашринцэн багш Лувсангомпил нарын хүчээр өөрт буй жаахан авъяасаа өөд татаж яваа юм. Дашринцэн багш бол эр хүний 9 эрдэм төгс хүн гэж ярьдаг байжээ. Дууч, хуурч Дашринцэн намуу тайван хоолойтой хэр нь их хүчлэг холын дуутай дээд доод аль ч өнгөндөө цэвэр хэдий намуун дуулж байлаа ч холд тод дуулддаг онцлогтой. Эхлээд дуулж буй цараа нь дороос зөөлөн аядуу гарч төгсөхдөө тэр хэвэндээ ирж доошлон бууж зогсдог, нугалаа шуранхай сайхантай, санаанд шингэцтэй, үгий нь хэлэлгүй аяллаа гэхэд яасан сайхан дуу вэ гэж хэн бүхний сэтгэлийг догдлуулам дуулдаг хүн байжээ.
Дашринцэн дуучийг хүрээнийхэн хаана л том найр наадам хурим байна тэнд урин дуулуулж хуурдуулдаг байлаа. Тийм ч учраас Дашринцэн аваргыг өөд болоход халхын сайхан эрийн нэг өнгөрлөө гэж хүрээ даяар уй гашуу болж байсан гэж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ард 77 настай өвгөн Жаал хэмээгч Намсрай алдарт дууч Гончиг нар дурсан ярьж байжээ.
Дашринцэн том хэмжээний морин хуур барьдаг байсан ба урьдчилан дасгал хийлгүйгээр ямар ч дуучнийг дагаж хуурдаж чаддаг байсан. Аваргын хуур өөрөө дуугардаг гэж ардууд хошигнодог байжээ. Үнэхээр тийм гойд авъяастай тул "Тархиндаа ухаантай, цээжиндээ чадалтай, хуруундаа хувилгаантай, эрхийдээ эрчтэй" хүн гэвэл Мөррэнцэн л орно доо гэж ярилцдаг байжээ.
Дашринцэнгийн "Даш" гэдэг нэрийг тэр үеийн хүрээнийхэн хэлэхээс цээрлэж Мөрринцэн гэж дуудаг байжээ. Дашринцэн нэг удаа даншигт барилдан түрүүлэхэд Хошууны ноён ихэд таашааж сайн бөх гэдгийг чинь харлаа одоо сайн дуучийг чинь үзье гэхэд тэр найранд нэлээд айзам дуу дуулан нарийн шуранхай хийхэд тэнд байсан эмэгтэй дуучдийн хоолой нарийн аянд нь хүрэхгүй байсан ба харин бүдүүн өнгөнд нь дагах хэн ч байгаагүй гэлцдэг. "Түмний эх", "Уяхан замба тивийн наран", "Хуурын магнай", "Дөмөн" зэрэг дууг тэр үеийн зүүн аймгийн аялгуу зүүн аймаг дотроо ихээхэн онцлогтой гоёмсог цэвэр хийцтэй Хардал аялгуугаар гайхалтай дуулдаг байжээ.

No comments:

Post a Comment