Pages - Menu

Friday, December 23, 2011

Балингийн Лувсангомпил 1879-1969

Б.Лувсангомпил нь урьдын Цэцэнхан аймаг, сүжигт бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул хэмээх газар 1879 онд малчин ард Балин гэгч хүний охин болон мэндэлжээ. Эцэг Балин нь моринд дуртай хурд их сойдог байсан тул охиноо 7, 8 настайгаас нь морь унуулж сургаж хурдан морины "Гийнгоо" зааж өгч Лувсангомпил охин нь эвлэг намбатай аялдаг байсан тул хүмүүс дуучин болно гэдэг байжээ. Мөн түүний эх Чимэдцэен муугүй дууч байжээ.

Лувсангомпил нь арваад наснаасаа эхэлж ойр зуурын найр наадамд өөрийн үеийн залуу Дашринчинтэй хамтран дуулдаг болсон ба Дашринчин нь хожим нь сайн дууч, мэргэн харваач, аварга цолтой бөх болсон байна.

Лувсангомпил нь тэр үеийн шүхэрт засгийн хошууны хазгар Амбаа гэдэг төрийн их дууч гэж алдаршиж байсан хүнээр уртын дуу заалгаж эхэлсэн нь сайн дууч болох замд хөтөлжээ. Лувсангомпил нь цэвэрхэн хийцтэй дуулдгаараа алдаршжээ. Түүний дуулах нь тогтмол аязтай, элдэв маяггүй тэгэхдээ маш уран дуулдаг, дууг эхлэхдээ маш дороос авч зөөлөн өгсөөж, хоолойндоо эвийг тааруулан ноёлж дуулдаг байсан гэж түүний багын танил нь ярьжээ.

Лувсангомпил нь 1930 аад оны үед улсын төв театрт уригдан ирж алдарт дууч М.Дугаржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр, Ичинхорлоо, Нацаг зэрэг алдартай хүмүүсийг дуулахын ухаанд сургасан гавъяатай багш хүн билээ. МУГЖ Ж.Дорждагва ярихдаа: Миний бие 1932оны үед Төв театрт дуучнаар ороод нарийн хоолой хэмээх Нацаг дуучийг дагаад удаагүй байтал Дугаржав багш уулзаж би чамайг нэгэн сайн дуучтай танилцуулна гээд нэг айлд дагуулж очин нэгэн эмгэнтэй уулзуулав. Тэр хүнийг Дугаржав багш маань ярихдаа ихэд хүндэтгэн: Миний багш Лувсангомпил намайг дуунд сургасан хүндээ гэж миний биеийг зааж намайг багшдаа шавь оруулахаар ирсэн тухай хэлэв. Тэгээд намайг хэд дуулуулж үзээд сурах л хүүхэд юм гээд намайг 3 жил дагуулан сургаж олон зуун дуу сургасан ачтай багш минь юм. Багш минь нэг өдөр миний шавь одоо л дууч болж байна, харин чавганцын нь авдар хоосорлоо. Өөр хүнээс дуу гуйж сур гэж тоглон хэлсэнсэн. Би 60 гартлаа ийм олон дуу мэддэг хүн эмгэн багшаас минь өөр хэн ч дайралдсангүй хэмээн ярьсан байна.

Лувсангомпил гуайн олон дуун дотроос "Алиа саарал", "Мандалжуужаа", "Дүүжий хуар", "Ноёлон харагдах" зэрэг дууг гойд намбалаг дуулдаг байжээ. Лувсангомпил багш өөрийн шавь нараас дуучин Төмөрийг ихэд үнэлж "Манай Төмөр хашгиралгүй зөөлөн эвлэг дуулах талаар миний намбыг авсан. Бүсгүйчүүдээс ховор дуучиндаа" гэж ярьсан байна. Энэ алдарт дуучин маань 1969 онд 90 насандаа өөд болжээ.

No comments:

Post a Comment